Найзууд чинь ажлаа солиод л байхад чи нөгөө газраа ажилласан хэвээр

. Бүр анх орсон компанидаа шүү. Эндээ гацчихсан юм шиг. Яваад өгмөөр л байдаг, гэвч… Хэдийнээ таалагдахаа больсон байгууллагаас яагаад гарч болохгүй байна вэ? Учрыг нь олох гээд үзье.

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Нэгдүгээр шалтгаан: Ажил олгогчид талархах, үнэнч сэтгэл
Жишээ №1. Санхүү эдийн засгийн сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа Ариунаа консалтингийн компанид ажилд орсон. Дипломын ажлыг нь удирдаж байсан багш нь түүнийг нэгэн томоохон компанид танилцуулж өгсөн юм. Дипломоо ч аваагүй байхад нэртэй компанид ажилд орно гэдэг хүн болгоны мөрөөдөл байсан нь мэдээж. Ариунаа ч ажилдаа ханцуй шамлан орсон. Ажлын ачаалал үнэхээр их байв. Хэцүү ч байсан. Гэхдээ олон хүн дундаас ганцхан түүнийг сонгосон болохоор Ариунаа маш их баяртай байлаа.

Ариунаагийн захирал сайн сэтгэл зүйч хүн. Тэр хариуцлагатай, ажилсаг залуу бүсгүйг “Бид чамгүйгээр яаж ажлаа бардаг байсан юм болоо?”, “Энэ ажлыг чамд л даатгамаар байна. Чамаас компанийн хувь заяа хамаарна” гэж магтсаар компанидаа тогтоож чадсан аж. Магтаалын үгэнд баярласан залуу бүсгүй ажлаа улам сайн хийх гэж зүтгэнэ.  Гэвч гадуур ажлын судалгаа хийж явахдаа тэр бусад байгууллагуудын цалин, ажлын ачаалал өөр өөр байгааг мэдээд бодолд орж эхэлжээ. Нэг компанийн ярилцлаганд хүртэл ороод, тэнцсэн боловч… Ариунаа татгалзсан. Ажлаас гарах нь түүний хувьд урвасантай адил.

Яах ёстой вэ?
Хамаг цагийг ажил дээрээ өнгөрүүлээд байхаар хамт ажилладаг хүмүүстэйгээ бараг хамаатан садан шиг болчихдог. Дарга чинь чамтай хамт шөнө болтол ажилласан ч,

“Амжихгүй нь, амралтын өдрүүдэд ажиллах хэрэгтэй” гэж дотно гээч хэлсэн ч өөрийн хувийн хүсэл амбицаас татгалзах хэрэггүй. Өөрт чинь боломж олгосон компанид талархаж болно. Гэхдээ хүн байнга өсөж хөгждөг амьтан шүү дээ. Тодор-хой хугацааны дараа анх орсон ажил, эзлэх байр суурь багадаж, гологдож ирдэг. Дараагийн шинэ алхам хийх хэрэгтэй болдог. Ер нь 3-4 жил болоод ажлаа сольж байхыг өрнөдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Нэг байран дээрээ удах нь ямар ч хүний урагшлах, хөгжих хүслийг алга болгодог. Албан тушаал дээшлэх, карьерын хувьд өсөх боломжтой л бол нэг компанид удаж болох юм.

Хоёрдугаар шалтгаан: Өөрийн ур чадварт үл итгэх байдал
Отгоо дэлгүүрт худалдагчаар ажиллаад 9 жил болж байгаа. Дэлгүүртээ үнэнч сэтгэлийг нь магтаж болох ч түүнд магтаалын үг хэрэггүй гэнэ. Шинэ ажил л хэрэгтэй. Сүүлийн 7 жилийн туршид Отгоо шинэ ажилд орохыг хүсэж байгаа. Хүсэж байгаа ч шийдвэртэй алхам ер хийлгүй өдий хүрсэн.

Түүний ажиллаж байгаа дэлгүүр гурван ч удаа ”мэргэжлээ” сольсон. Анх хувцас зардаг байсан бол дараа нь дотуур хувцас, одоо бичиг хэргийн дэлгүүр болж өөрчлөгдсөн. Өөрчлөгдөөгүй зүйл гэвэл лангууны ард зогсох Отгоо. Гэхдээ энэ хугацаанд тэр техникийн сургуулиа төгсөөд, Багшийн дээд сургуульд эчнээгээр сураад амжсан. Мөн гэрлээд, хүүтэй болсон. Ажил хайхгүй байгаагаа хичээл эсвэл гэрийн ажил их гэх мэт шалтгаар тайлбарлаж байв. Одоо уг нь шинэ ажилд ороход саад болох зүйлгүй болсон баймаар… Гэтэл бас үгүй ээ. “Би одоо хэнд хэрэгтэй гэж?  Танил тал байхгүй бол ажил олох хэцүү шүү дээ” гэж хэлнэ.

• Чи хайж үзсэн юм уу? гэж найз хүүхнүүд нь байнга асууна.
• Тэглээ гээд олдохгүй ээ. Тэгээд ч энэ ажил дээр намайг үнэлдэг. Халахгүй байлгүй дээ…

Яах ёстой вэ?
Хувь тавиландаа гомдоллох мөртлөө амьдралаа өөрчлөх гэж алхам ч хийхгүй, хэдийнэ дургүй болсон ажлынхаа ард өөрийн ур чадвар, амжилтад үл итгэн өөрийгөө нуух шиг амархан зүйл байхгүй. Өөрийгөө хэрхэн үнэлж сурах тухай өчнөөн ном гарсан. Хэдэн ном олоод унших цаг болсон юм биш үү… Өөрийгөө хөгжүүлэх сургалтанд ч хамрагдахад илүүдэхгүй. Тодорхой зорилго тавиад, хэдий хугацаанд зорилгодоо хүрэхээ бодож, төлөвлөж сур.

Гуравдугаар шалтгаан: Амласнаа хүлээх
Нарангэрэл ундаа үйлдвэрлэдэг нэгэн томоохон компанид промоушн-менежерээр орсон. Уг нь маркетингийн хэлтэст орох хүсэлтэй байсан ч оюутнуудыг ажилд авахгүй гэсэн хариу авсан юм. Тэгээд тэр сургуулиа төгстөл тус компанийн борлуулалтын цэгүүд дээр ажилласан. Худалдан авагчдад шинэ бүтээгдэхүүн танилцуулангаа маркетингийн ухааныг идэвхтэй судалж байв. Сургуулиа онц төгсөөд гэрээгээр гурван жил ажилласан компанийнхаа маркетингийн хэлтэст дахин хандахад “Одоо ажлын байр алга. Удахгүй гарах байх, хүлээх хэрэгтэй” гэсэн хариу авчээ. Гэвч хүлээлтийн хугацаа сунжирсаар… Нарангэрэл хагас жил гаруй нөгөө л промоушн-менежерийн ажлыг хийж, үе үе ажлын байр гарсан эсэхийг лавлахад найдвар төрүүлсэн хариу авсаар, хүлээсээр байв.

Яах ёстой вэ?
Өнөөдөр залуу мэргэжилтнүүд ажлын топ албан тушаал дээр шууд очно гэж үгүй. Танил тал, “мотор” байхгүй бол шүү дээ. Ер нь ихэнх хүмүүс карьераа багаас эхэлсэн байдаг. Ирээдүйтэй компани бол алсаа бодож өөрт ашиггүй ажлын байранд очсон ч болно. Гэхдээ энэ тохиолдолд тухайн компанид хэр зэрэг албан тушаалын өөрчлөлт хөдөлгөөн явагддаг, бусдын амжилтын туршлагаас ажил олгогчийн “амлалт” хэр үнэн бодитой байдаг, хэдий хугацаанд чамд албан тушаал дэвших магадлал байгаа эсэхийг судалж үзэх хэрэгтэй. Тухайн компани жилд нэг л удаа шинэ орон тоонд ажилтан авдаг бөгөөд тэр “ажил” нь  нууцхан явагдаад өнгөрдөг бол хэцүү еэ…

Дөрөвдүгээр шалтгаан: Айдас
Оюутан байхдаа Оюунаа нэгэн дуу бичлэгийн компанид ажилд орсон. Компанийн захирал нь салбартаа шилдэг мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог ч тэр бүр шударга  ажилладаггүй нэгэн байв. Бусдын үйлчлүүлэгчдийг өөрийн компанид уруу татаж, тендерт ялалт авахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Чухал яриа хэлэлцээрийг хүний нүднээс хол, үнэтэй вискины ард хийдэг нь нууц биш байв. Харин нэг удаа Оюунаа захирлын өшөө авалтын гэрч болсон юм. Зургаан жилийн туршид компанид ажилласан Баттулга ажлаасаа гарч, өөрийн компаниа байгуулах шийдвэр гаргав. Захирал түүнийг зогсоогоогүй төдийгүй үдэлтийн арга хэмжээн дээр хундага өргөж талархлын үг хэлсэн. Гэхдээ түүнийг ажлаас гараад явангуут “Хамаг ажил, нууцаа зааж өгөөд байхад тэр яана гэнээ? Надгүйгээр ажиллахыг нь харна аа гайгүй” гээд түүний хүчилтөрөгчийг хаана гэж амласан аж. Тэр өдрөөс хойш захирал үйлчлүүлэгч, харилцагч нартай мөнөөх вискигээ хувааж суухдаа найдваргүй компаниудыг дурдахаа мартахгүй байв. Мэдээж тэр дунд нөгөө Баттулгын компанийн нэр ч байсан. Тиймээс ажлаас гарвал сайн юм болохгүй гэдэгт Оюунаа эргэлзсэнгүй.

Яах ёстой вэ?
Даргынхаа уурыг хүргэх нь шинэ ажил хайхаас татгалзахад хүргэдэг хүчтэй шалтгаан. Ялангуяа бодит жишээ байгаа бол тэр тусмаа эвгүй. Гэхдээ аз болж, зах зээл дээр монополь бол хориотой зүйл. Тиймээс хэзээ ч өөр компани уруу яваад өгч болно. Ямар ч их нөлөөтэй байсан ч дарга чинь бурхан биш. Хуучин ажилтнуудтайгаа зууралдаж, хамаг цаг, эрч хүчээ өшөө авахад үрээд байх юм бол тэр хүний бизнес цаашид  цэцэглэнэ гэдэг ч эргэлзээтэй л асуудал…

Тавдугаар шалтгаан: Дассан сэтгэл, дассан ажлын хэв маяг
Золзаяа бол аятайхан бүсгүй. Ажил дээр тааралдаад юм ярихад ч тэр зөрөөд өнгөрөхөд хүртэл сайхан инээмсэглэнэ. Тэр хүний нөөцийн хэлтэст менежерээр зургаан жил ажиллаж байгаа. Ажлын хамт олон сайхан харилцаатай, ажлын ачаалал ч боломжийн, дарга ч асуудалд уян хатан хандаж чаддаг хүн. Ер нь цалингаас бусад бүх зүйл бол их дажгүй. Ажлын шаардлагаар байнга зах зээлийн судалгаа хийдэг учир өөрийгөө өөр компанид ямар цалингаар ажиллаж болохоо Золзаяа сайн мэддэг. Гэлээ ч ажлаа солих гэж яардаггүй. “Энд их тайван, бүр дасчихсан. Цалин яахав дээ… Амьдраад болоод байгаа юм чинь цаашид ч гэсэн болох л байлгүй дээ” гэж тэр хэлдэг.

Яах ёстой вэ?
Үнэхээр бүх зүйл таалагдаж байгаа газраас явах хэрэг байна уу? Шинэ газар очоод хамт олонтойгоо хэл амаа ололцож чадахгүй бол яана? Цалин бага ч гэсэн чинийх. Шинэ газар ямаршуу байхыг мэдэхийн тулд ажлаа өөрчилж үзэх л хэрэгтэй. Зоригтойхон энэ алхмыг хийхийн тулд ирээйдүйгээ сайхнаар төсөөлөх хэрэгтэй. Нүдэндээ харагдтал мөрөөдөх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Үүний тулд биеэ сул тавиад, нүдээ ань. Өөрийгөө шинэ оффист байгаагаар төсөөл. Оффисын дизайн, тавилга, хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын харилцаа, өөрийн албан тушаал, цалингийн хэмжээг хүртэл төсөөлөөд харах хэрэгтэй. Дотроо нэг тодорхой дүрс гаргаад ирэхээр хүн өөртөө зорилгодоо хүрэх программ  суулгаж чаддаг.

Дүгнэлтийн оронд
Би ч гэсэн анх ажилд орсноо санаж байна. Туршлагагүй намайг ажилд авсанд баярлаж, захирал авгайг бараг шүтэж, өгсөн ажил болгоныг нь хийж, шөнө болтол ажилладаг л байсан. Тэр ажлаа мөрөөдлийн ажил гэж бодож явсан шүү дээ. Энэ “аз жаргал” бараг хоёр жил үргэлжилсэн. Танил маань өөр ажлын санал тавиагүй бол би тэндээ ажилласан хэвээр л байсан байх болов уу. Тухайн үед шинэ ажилд өөрийгөө сорьж үзэхээс айгаагүйдээ би их баяртай байгаа.

Дөнгөж ажиллаж эхэлж байгаа хүн туршлагагүй байдагт хамаг асуудал байгаа юм. Мэргэжлийн ур чадварын тухай хэлж байгаа юм биш л дээ. “Шинэков” хүнд ажлын нөхцөл, ачаалал гэх мэт зүйлийг харьцуулах юм байдаггүй. Тийм учраас анхны ажилдаа орсон даруйдаа шинэ ажил хайх хэрэггүй. Ажил таалагдаж байгаа бол одоохондоо олон юм бодож шаналах хэрэггүй. Харин өөрчлөлтийг хүсэж байгаа бол зоригтой хөдөл! Одоо байгаа юмаа алдахаас айж байгаа бол цалингүй чөлөө аваад, өөр зүйлд өөрийгөө сориод үз. Сайн ч бай, муу ч бай ямар ч туршлага амьдралд хэрэг болдог юм шүү дээ.

Мэргэжилтэн зөвлөж байна
“Анх ажилд орсон ( дотно болсон) компаниас хэзээ гарвал зүгээр вэ?”
Нэгдүгээрт, удирдлагатайгаа өөрийн өсөж хөгжих, цалин нэмэгдэх боломж зэрэг сонирхож буй асуудлаар ярилцах хэрэгтэй.
Хоёрдугаарт, чиний хүсэж буй цалин хэр бодитой вэ гэдгийг судалж үз. Чамтай адил ажлын туршлагатай хүмүүс ямар цалинтай ажиллаж байна, ямар албан тушаал дээр өрсөлдөж болохыг мэдээд авах хэрэгтэй. Сүүлийн үед ажилд зуучилдаг мэргэжлийн сайтууд ч нэмэгдэж байгаа учир тэднийг сонирх. Уулзаж зөвлөгөө авсан ч болно.

Шинэ ажлын байр буюу компани сонгохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Аливаа байгууллагын удирдлага, хүний нөөцийнхэн жил болоод л ажлаа сольдог хүнд дуртай байдаггүй. Гэхдээ бас нэг газар удах хэрэггүй. Нэг байгууллагад 4-5 жил ажилласан мөртлөө ер дэвшээгүй гэдэг нь тухайн ажилтан санаачлагагүй, өсөж хөгжих хүсэл тэмүүлэлгүй, өөртөө хариуцлага авах чадваргүй болсны шинж гэж мэргэжилтнүүд үздэг.

Хамгийн анх ажилд орсон газраа хоёр жилийн дараа солих нь зүйтэй. Ялангуяа ажлын туршлагатай болох, хувийн компанид ажиллаж үзэх үүднээс хамгийн доод түвшний ажлаас (жишээ нь ресепшн) эхэлсэн бөгөөд өсөн хөгжих ирээдүй үгүй бол өөр ажил хайсан нь дээр.

Ихэнх хүмүүс өөрчлөлтөөс айдаг. Зарим нь өөртөө итгэлгүй байдаг. Энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Чи өөрийгөө туршлагагүй гэж бодож болно. Гэтэл ихэнх байгууллагууд туршлагатай хүнээс илүүтэйгээр тухайн ажилд сонирхолтой, идэвх санаачлагатай, мөн суралцах эрмэлзлэлтэй хүнийг сонгодог юм шүү

Фото эх үүсвэр: HMI

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн таөөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s