Ажил хэрэгч хүн гэж хэнийг хэлэх вэ?

Ажил хэрэгч хүн гэж хэнийг хэлэх вэ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

young-business-man-with-group-in-background 1Ажлаа төлөвлөдөг хүнийг хэлэх үү? Эсвэл цаг ямагт завгүй байдаг хүнийг хэлэх үү? Бид ажил хэрэгч хүн гэдгийг ихэвчлэн ажил хэргийн төлөө төрсөн, үргэлж завгүй явдаг албаны нэгэн гэж боддог.
Костюм өмсч, зангиа зүүсэн, цүнх дүүрэн бичиг баримттай хүнийг ойлгодог. Бүтээмж тийм сайн биш атлаа үргэлж завгүй явдаг хүмүүс байдаг. Тэдэнд цаг төлөвлөлт хэрэгтэй. Зарим судлаач “Ажил хэрэгч хүн гэдэг бол тоглогч, завшаан хайгч, эрсдэлийг үүрэгчийн аль нь ч биш, харин чадварлаг тооцоологч” гэж үзэх нь бий.
• Ажил хэрэгч хүн гэдэг бол алдах зүйлтэй хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ажлынхаа төлөө, амжилтын төлөө эрсдэл хийх чадвартай хүнийг ингэж нэрлэж болно. Тэд ямар ч үед эрсдэлээс айдаггүй. Айдсаа давахгүй бол амжилт ирэхгүй гэдгийг мэддэг бас мэдэрдэг. Аливаа эрсдэлийн цаана амжилт, аз жаргал байдгийг аль хэдийнээ олж харсан байдаг. Амжилтанд саад болох эрсдэл, айдас хоёроо давж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг хүмүүс бол жинхэнэ ажил хэрэгч хүмүүс мөн. Тэд үргэлж өөрийгөө цэнэглэж, өрөөл бусдад чин сэтгэлээсээ тусалдаг ач буянтнууд боловч өрсөлдөөнд ялагдах дургүй. Тэд өөрийгөө хөгжүүлэх арга барилын төлөө, шинэ мэдээ мэдээллийг олж авахын төлөө тэмцэж чаддаг, тэр хэрээрээ бусдад чин сэтгэлээсээ ханддаг, хүндэтгэж чаддаг, сайн чанартай билээ.
• Ажил хэрэгч хүн гэж ажил амралтаа зохицуулж чаддаг хүнийг хэлнэ. Ийм хүмүүс “цагаа төлөвлө, төлөвлөгөөнийнхөө дагуу ажилла” гэсэн зарчмаар цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Цаг хугацаа гэдэг тэдний хувьд гол өрсөлдөгч нь байдаг.
• Ажил хэрэгч хүн бол нөөцөө төвлөрүүлж чаддаг. Эрүүл мэнд, гэр бүл, ажил мэргэжил, тууштай хамт олон, шинэ мэдлэг, мэдээлэл тэдний хувьд хамгийн чухал нөөц гэдгийг хэнээс ч илүү мэдэх хүмүүс.
• Ажил хэрэгч хүн гэж санаачилгыг гартаа авч чаддаг хүнийг хэлнэ. Өөрийн үзэл бодолдоо үнэнч ч, өрөөл бусдын сайхан санааг сонсч, бас ашиглаж чаддаг овжин хүмүүс байдаг. Тэд бүгд шинэ санаачилга гаргах хүсэл эрмэлзэлтэй бүтээгчид юм.
• Ажил хэрэгч хүн гэж амласнаа биелүүлдэг хүнийг хэлдэг. Тэд хийж, хэрэгжүүлж чадах зүйлээ л амладаг. Тэдэнд айх зүйл ховор ч хэн нэгэнд худлаа ярьж, хүмүүсийн итгэлийг алдахаас л эмээдэг.
• Тэднийг амжилт үргэлж дагадаг.
Ажил хэрэгч хүний жинхэнэ мөн чанар бол албан тушаал бус амжилт, араасаа бусдыг дагуулах чадвар юм. Хэзээ ч дундрашгүй тэдний хүсэл тэмүүлэл, мөнх ундрах амжилтыг дагуулж байдаг. Гэтэл бидний зарим нь ийнхүү богинохон хугацаанд амжилтанд хүрдэг байхад нөгөө хэсэг нь яагаад амжилтанд хүрдэггүй юм бэ? Амжилттай яваа хүнд ямар чанар байдаг юм бол? Ингэхэд бидний хамгийн их ярьдаг тэр амжилт гэж чухам юу вэ? гэж олон хүн асуух байх. Хамгийн энгийнээр “амжилт бол зорилгоо хэрэгжүүлэх үйл явц” билээ. Гэхдээ та ажил хэрэгч хүмүүст амжилт өөрөө ирдэг хэмээн эндүүрүүзэй. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь мацаж, зүтгэн байж хүрдэг юм. Харин нэгэнт амжилтанд хүрсэн хойноо түүнийгээ алдахгүйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, амжилтаа бусадтай хуваалцаж, дараагийн оргилд хүрэх сууриа тавьдаг.
Зорилго нь мөрөөдлийн галт тэрэг. Зорилго нь хүрч болохуйц мөрөөдөл юм. Тухайн хүний дэвшүүлсэн зорилго түүнийг хэн бэ гэдгийг тодорхойлдог. Бидний зарим нь амжилтанд хүрдэггүйн үндсэн шалтгаан нь зорилгоо тодорхойлж чаддаггүй, эсвэл бүхнийг зэрэг амжуулах гээд маш олон зорилго тавьж, түүнийгээ ойр ойрхон өөрчилдөгт л байгаа юм. Ойр ойрхон өөрчлөгдөж буй олон зорилго хэзээ ч биелэлээ олдоггүй. Зорилгоо огт тодорхойлоогүй, эсвэл өөрийн хүсч буй зүйлээ заавал хүрэх зорилго хэмээн андуурдаг хэсэг байхад нөгөө хэсэг нь зорилгынхоо тухай огт ярилцдаггүй нууж явдаг. Энэ мөн л биелэлээ олдоггүй. “Зорилгоо тодорхойлж чадаагүй бол хоёр дахин их хүч зарцуулдаг юм” гэж Марк Твен нэгэнтээ хэлсэн. Угаасаа зорилго биелшгүй хий хоосон мөрөөдөл биш учир хэзээ нэгэн цагт биелэлээ олж дараагийн зорилгыг биелүүлэх суурийг бүрдүүлнэ. Зорилго амьдралыг утга учиртай болгож, урам зоригийн очийг асаадаг. Та зорилго, зорилтуудаа мэдэж, түүнийгээ тодорхойлох нь эрч хүчээ дэмий зүйлд зарахаас сэргийлж, тэр хэрээр ажлын бүтээмж нэмэгддэг. Бид заримдаа яаралтай ажилд хэт сандарснаас зорилгынхоо дагуу хийх чухал зүйлээ умартдагийг ажил хэрэгч эрхэм та үргэлж анхаарч яваарай.
Харин хүмүүс зорилгоо мэдэж байсан ч, түүндээ автаагүй бол амжилт таныг тойрох болно. Бидний зорилго ямар ч үед тодорхой байх хэрэгтэй. Энэ тухай Бодо Шёфер өөрийн номд тэмдэглэсэн байдаг. Тэрээр нэгэн чухал хүнтэй уулзах санал тавихад нь цаад хүн шөнө дөлөөр гэрт хүрээд ир гэжээ. Шёфероос яг юу хүсэж буйг нь шууд асуусан байна. Харин Шёферын хувьд зорилго, хийх ажил тодорхой байсан учраас ирээдүйн багшдаа тоогдож чадсан гэдэг.
• Ажил хэрэгч хүмүүс ажлаа төлөвлөдөг. Таны амьдралыг хүн төлөвлөх үү? Эсвэл та өөрөө өөрийнхөө амьдралыг төлөвлөж амьдрах уу? гэдэг сонголт та бидний өмнө үе үе тулгардаг. Зөвхөн танаас, бас бусдаас байнга хамаарах амьдрал гэж байдаггүй ч, өөрийнхөө амьдралыг та л удирдах үүрэгтэй. Ажил хэрэгч хүмүүс ажил, амьдралаа хэдий нь төлөвлөчихдөг. Мэдээж бүхий л зүйлийг агшин, хормоор хэмжиж, төлөвлөх боломжгүй ч, цаг хугацааны баримжаатай амьдрахад буруу юу байхав. Өнөө маргаашаа бус алс хэтээ харж сурах нь цаашаа алхаж гишгэх баримжаатай болдог. Ажил хэрэгч хүн цаг хугацааны цараагаа /төлөвлөхдөө авч үзэж байгаа ирээдүйн хамгийн холын утга/ аль болох хол болгож, хүрэх хугацаагаа тооцож байх нь чухал.
Олон жилийн өмнө төлөвлөж байсан зүйлсээ өнөөдөр ямар байгааг үе үе харж хянаж, ирээдүйд явах замаа сайтар тунгаах нь тэдний үндсэн шинж билээ.
Эцэст нь зөвхөн монголчуудад л байж мэдэх цаг хугацааны сонин үнэлэмж буюу болзооны талаар сануулъя. Танил минь утасдаж “12 цагийн үед Ялалтын ойролцоо уулзъя” гэж хэлдэг тодорхойгүй болзоо өнөөдөр аль хэдийн түүх болсон болов уу?
• Ажил хэрэгч хүмүүст хувийн үндсэн хууль бий. Улс болгон үндсэн хуультай байдгийн адил хүн бүр дагаж мөрдөх хувийн үндсэн хуультай байж болно. Өөрийн гэсэн үзэл бодолгүй “салхинд хийссэн хамхуул” шиг явдаг хүмүүс амжилтанд хүрсэн удаагүй. Ургах, жаргах нарны хооронд үргэлжлэх амьдрал хэмээх энэ аянд өөртөө эзэн байхын тулд өөрийн гэсэн үзэл бодолтой, харах хараатай, философитой бай. Та яг одоо миний амьдралын философи юу вэ? гэж өөрөөсөө асуугаарай.
Элвис Преслигээс энэ тухай асуухад “Миний амьдралын философи маш энгийн. Хэн нэгнийг хайрлах хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хүлээх хэрэгтэй. Түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хариулжээ. Энэ мэт гэрэл гэгээ болон гялалзсан олон хүн амьдралын философитой байж, бусдад үлгэр дууриал болохуйцаар амьдардаг.
Тохиолдлын ялалт гэж байдаггүй.
Та төлөвлөж чаддаггүй бол өөртөө азгүйтлийг бий болгоно гэсэн үг. Таны боловсруулсан төлөвлөгөө, хувийн зохион байгуулалтыг чинь илчилдэг. Хувийн зохион байгуулалттай байх нь маш том давуу тал бөгөөд хамгийн үнэ цэнэтэй баялаг мөн. Иймээс хэн ч ухрааж эс чадах цаг хугацааны их урсгалд ажил амьдралаа төлөвлөж чаддаг хүмүүст амжилт ойрхон харагддаг.
• Ажил хэрэгч хүн өөрийгөө байнга хурцалдаг. “Бэлдэх тусмаа миний аз гийдэг” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон хэлсэн байдаг. Зөв бэлтгэл зөв дадлын үндэс болдог. Ер нь хүнд хоёр дайсан байдаг нь айдас, залхуурал хоёр. Зөв бэлтгэл айдсаа даван туулах сэтгэлийн тэнхээг бий болгодог. Айдас чамайг хүлэхээс өмнө айдсыг чи хүлэх ёстой учир зөв бэлтгэл нь өөртөө итгэх итгэлийг өгдөг. Бүтэлгүйтэл болгоныг бусдад тулгадаг хүн өөдтэй явсан удаагүй.
Энэ түнш, энэ ажил, энэ эрүүл мэндийн байдал, энэ засгийн газар, энэ улс төр л буруутай гэж бодож байгаа бол та өөртэйгээ сайн ажиллахгүй байна гэсэн үг. Хариуцлагатай байна гэдэг зөв хариу үйлдэл үзүүлэх чадвараар хэмжигдэх учир ямар ч тохиолдолд хариуцлагатай бай. Тэгвэл хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин, гэнэтийн аваар осол бидний хариуцлагагүйнх үү? Эсвэл азгүйтлийнх үү? Ямар ч буруугүй атлаа би осолд орвол буруутан нь хэн болж таарах вэ? Бүх зүйлд бид хариуцлагыг үүрэх нь зөв үү?
“Агуу болохын төлөөс нь үүрэг хариуцлага” гэдэг. Та буруугүй ч гэнэтийн осолд орсон тохиолдолд ямар нэг байдлаар хариулах нь гарцаагүй. Үзүүлсэн хариу үйлдэл, шийдвэрийнхээ төлөө та хариуцлагаа өөрөө л үүрэх хэрэгтэй. Бид хэн байх вэ? гэдэгтээ л хариуцлагатай байцгаая. Өөрийнхөө талаар бүрэн хариуцлага хүлээж, ямар нэг шалтаг тоочихоо больсон өдрөө л та оргилд гарах алхмаа эхэлнэ.
Хийж чадах зүйлдээ хариуцлагатай байцгаая. Харамсалтай нь ажилдаа хариуцлагатай ханддаг, эхэлсэн ажлаа хариуцлагатай дуусгадаг хүмүүс маш ховор. Хүлээн авсан зүйлдээ хариуцлагатай байцгаая. Жон Рокфеллер “Боломж бүхэн хариуцлагатай, эзэмшил бүхэн үүрэгтэй, эрх бүхэн үүрэг хариуцлагатай гэдэгт би итгэдэг” гэсэн байдаг. Хариуцлага хүлээх ёсыг зөвшөөр. “Эргэн харж, шалгаагүй амьдрал бол амьдрал биш” гэж Платон хэлсэн байдаг.
• Ажил хэрэгч хүмүүс л өөрөө өөрийгөө хариуцдаг. Бие дааж өөрөө өөрийгөө хариуцах нь амжилтын эхлэл билээ. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг шиг таны л төлөө таныг өөрчлөх гэж олон хүн хичээдэг. Бидний ээж аав, эгч ах, анд нөхөд бүгд санаа сэтгэлээ зовоож үргэлж л зөвлөж байдаг. Дотны хүмүүсийн маань сэтгэл санаа ер нь амар тайван байдаг болов уу? Гэхдээ заримдаа тэдний зөв ч эцсийн дүндээ өөрөө өөрийгөө хариуцах боломжийг бидэнд олгохгүй байх нь ч бас бий. Өөрөө өөрийгөө хариуцаж сурахгүй бол бие даан шийдвэр гаргаж чаддаггүй үргэлж бусдын зөвлөгөөг сонсдог зөвхөн гүйцэтгэгч л болж хувирчих вий.
Ямар нэгэн зүйл хийгээд тэр нь алдаатай болвол хариуцлагаа бид өөртөө хүлээж сурах хэрэгтэй. Учир нь эцсийн шийдвэрийг та л гаргадаг. “Бусад нь л буруутай, би уг нь арай өөрөөр бодож байсан л даа” хэмээн бүтэлгүйтэл болгоныг бусдад тохох буруу дадал зуршлаа таягдан хаях ёстой.
Ажил хэрэгч хүмүүс зөв сэтгэлтэй байдаг. Бид хоёр зүйлд үргэлж шаналж сэтгэлээ зовоож явдаг. Нэг бол өнгөрүүлсэн амьдралаа бодож, эсвэл ирээдүйнхээ төлөө сэтгэлээ чилээдэг. Өөрөөр хэлбэл, яг өнөөдрөөрөө байж чаддаггүй. Энэ сэтгэлийн зовиур шаналал нь өөрийгөө төдийгүй өрөөл бусдын талаарх муу бодол руу хөтөлдөг.
Сайн санааны үзүүрт тос. Бусдын талаарх муу бодол нь муу үйл хэргийн эхлэл байдаг учир хүний сайн сайхан талыг олж харах таны билгийн мэлмий юу юунаас чухал.
“Санаа сайн бол заяа сайн” гэсэн мэргэн үг өнөө цагийн хүмүүст туйлаас хэрэгтэй болжээ. Гэвч хүн хүнээсээ айдаг болсон энэ цөвүүн цагт сэтгэлээ цэвэр ариун байлгах нь хялбар бишээ. Хэн нэгний тухай муу бодол байгаа бол тэр нь үнэн, худал эсэхийг тунгаахгүй бол төөрөгдөл, гомдлын мананд төөрөх гээд байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул гомдохгүй явах нь амар биш. Гэвч өнөөдрийн гомдлыг маргааштаа авч явахгүйгээр, өдөр бүрийг шинээр эхэлдэг байх чадварыг эзэмших нь тун чухал. Та нэр алдартай, амжилттай байгаа бол олон хүн таныг дэмжиж хайрлана, мөн төдий хэмжээгээр атаархал хорсол ч дагадаг. Атаархал алдар нэр авчирдаггүй, харин алдар нэр л атаархлыг дагуулдаг билээ.
Энэ хорвоод гэрэл сүүдэр байдаг л хойно амжилт ололт бүхэн сайн, муу аль алийг нь дагуулна. Ямар үр тарина түүнийгээ хурааж авдгийн адил хамгийн сайн үр бол зөв сэтгэл хэмээн олон судар бичигт өгүүлсэн байдаг. Ажил хэргийн ертөнцийн өрсөлдөөний хуулиар өрсөлдөгчөө намнах, өөрийгөө аврах гээд уурламаар, бухимдмаар олон зүйлтэй тулгарах нь зүйн хэрэг. Гэхдээ дан ганц уур уцаар, түрэмгийллээр юуг ч шийдэж чадахгүйг бид хувьдаа сайн мэдэх билээ. Бид ажлаа явуулахдаа асуудлыг зөвхөн нэг өнцгөөс харж, өөрөө асуудал дундаа орон төөрөгдлийн эргүүлэгт орчихдог. Яг үүнтэй адилаар аливаа үйлийг хийхдээ буруу бодлоор, хар санаагаар хийвэл тэр ажил гэрэл гэгээгээр төгсөх нь ховор.
• Ажил хэрэгч хүн зөв дадалтай байдаг. “Ялалт бол дадал, ялагдал ч мөн адил” хэмээн Винс Ломбарди хэлсэн байдаг. Ямар нэг үйлдлийг сайн гүйцэтгэж эерэг үр дүнд хүрэхийн тулд дадал чухал. Дээрх бүхий л зүйлийг та мэддэг байж болох ч, дадал болгоогүй бол амжилт гэдэг зүйлийн үзүүрийг л атгаад алдах болно.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s