ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Sulje.com Монгол сошиал сүлжээ

Sulje.com Монгол сошиал ертөнц

Sulje.com Монгол нийгмийн сүлжээ

Sulje.com Монгол цахим сүлжээ

Sulje.com Олон нийтийн сүлжээ

ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?

Хэдийгээр баримт бичгийн төрөлд хамаарагдахгүй боловч байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, санал, хүсэлт бичих явдал амьдралд элбэг тохиолддог. Иймд өргөдөл, хүсэлтийг хэрхэн бичих талаар дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэн нэгнээс байгууллага, дээд албан тушаалтанд гаргасан хүсэлт бичгийг өргөдөл гэдэг. Сургуульд элсэх, ажилд орох, орон сууц хүсэх, өөртэйгөө холбоотой аливаа асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг олон янзын өргөдөл байна.

Өргөдлийг бичихдээ А4 хэмжээний цаасны дээд хэсэгт хүсэлтээ гаргаж буй байгууллага, албан тушаалтны нэрийг бичнэ. Өргөдөл гарган хандаж буй хүнийхээ цол, зэргийг бичих нь зүйтэй. Дараагийн мөрний баруун, зүүн он, сар, өдөр болон өргөдөл хүсэлтийн товч утга (тэргүү) –ыг бичдэг. Улмаар догол мөрнөөс өөрийн тухай товч танилцуулж, гаргаж буй хүсэлт, ийнхүү хүсэх болсон шалтгаан зэргийг товч тодорхой бичээд ямар туслалцаа үзүүлэхийг хүсэж  буйгаа илэрхийлнэ.

Эцэст нь өргөдөл гаргасан хүний нэр, хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг үнэн зөв, тодорхой бичих бөгөөд энэ нь уг өргөдлийн хариуг мэдэгдэхэд чухал ач холбогдолтой. Өргөдлийг бичихдээ нуршилгүйгээр, өөрийн хэлэх гэж буй зүйлийг товч тодорхой, найруулга сайтай, үг үсгийн алдаагүй бичих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ИТХ-ын дарга, яамдын сайд зэрэг удирдах дээд албан тушаалтанд хандан бичиж буй өргөдөл, хүсэлтийг компьютерт бичиж хэвлэх нь зүйтэй. Учир нь төрийн дээд байгууллагад иргэд, сонгогчдын өргөдөл, хүсэлт олон ирдэг тул гараар бичсэн өргөдөл, хүсэлт, захидлыг албан тушаалтнууд тэр бүр уншихад бэрхшээлтэй юм. Харин шүүхэд хандаж бичиж буй өргөдлийг заавал гараар бичдэг.

Сүүлийн үед компьютерийн технологи улам хөгжиж байгаатай холбоотойгоор өргөдөл, хүсэлтийг компьютерт бичих нь элбэгшиж байна. Компьютерээр бичиж хэвлэсний дараа өргөдөл гаргагч өөрийн нэрийн ард жинхэнэ гарын үсгээ зурна. Харин шүүх, цагдаагийн байгууллагад хандаж буй бол гараар бичнэ. Өргөдөл бичихдээ А4 цаасан дээр баримт бичиг үйлдэхэд дээд, доод, баруун, зүүн захаас хэдий хэрийн зайтай бичих зэргийг баримт бичгийн стандартын дагуу гүйцэтгэвэл зохино. Загвар (1, 2)

 

Дэлгэрүүлэн уншихыг хүсвэл:

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ                                                                                            Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандартын эмхэтгэл-2012 он               номоос уншина уу.

 

 

 

 

 

 

Загвар 1

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРГААНД

ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

 

2011.04.19.                                                                                    Ажилд орохыг хүсэх тухай

 

Миний бие Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2006 онд ELI институтийг тус тус төгссөн. Дээд боловсролтой, хятад, англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэй.

 

2001 оноос одоо хүртэл Их засаг Сургууль, 48 дугаар сургууль, Баянхонгор аймгийн “Талст” бүрэн дунд сургууль, ХҮДС-ийн “Манлай” лицей, 29 дүгээр сургуулиудад англи, хятад хэлний багшаар ажиллаж ирсэн.

 

Энэ хугацаанд эрхэлсэн ажилдаа бүхий л хүч чадлаа зориулж ирсэн бөгөөд мэргэжлийн чиглэлийн болон бусад уралдаан тэмцээнд  идэвх санаачлагатай оролцож, урамшуулал шагнал хүртэж байв. Тухайлбал: “Баянхонгор аймгийн 2011 оны шилдэг багш” өргөмжлөл, “Заах арга зүйч”, “Ахлах багш” гэх мэт мэргэжлийн зэрэг хүртсэн. Түүнчлэн аливаа ажлыг зохион байгуулах авьяастай, хүнтэй ажиллахад амжилт гаргадаг гэсэн үнэлгээг ажиллаж ирсэн байгууллага, сургуулийн удирдлагаас удаа дараа авч байв.

 

Миний бие “Оюу толгой” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сонсож байдаг жирийн сэхээтэн бөгөөд танай явуулж буй үйл ажиллагаа монголын ирээдүйд жинтэй хувь нэмэр болж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчирна гэдэгт итгэж байдаг. Иймд танай байгууллагад өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг зориулж өөрийгөө хөгжүүлэх, ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй байдаг юм.

 

Иймд орон нутгийн хангамжийн ажилтны албан тушаалд ажиллуулахыг хүсэж өргөдөл гаргаж байгааг маань хүлээн авна уу.

 

 

 

Өргөдөл гаргасан:

 

Сонгинохайрхан дүүрэг.

8 дугаар хороо, Iхороолол.

17-50 тоот……………………….Д. НАРАНЦЭЦЭГ

Холбоо барих утас: 96009900

 

 

 

 

Загвар 2

172 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГААГААР УЛАМЖЛАН

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ

ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

 

 

2013.03.20.                                                      Мэргэжлийн зэрэг олгохыг хүсэх тухай

 

Миний бие Нийслэлийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 54 тоот тушаалаар “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэг авсан.

Ажиллах хугацаандаа “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 1.7. Мэргэжлийн зэрэгтэй багшид тавигдах нийтлэг болон “Зөвлөх багш”-д тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан тул зэрэг ахиулах хүсэлтийг хүлээн авч зохих түвшинд шийдвэрлэж өгнө үү?

 

 

 

 

Өргөдөл гаргасан:

 

172 дугаар цэцэрлэгийн

арга зүйч……………………………Ж. ШИНЭБАЯР

 

Утас: 96062252, 99732152

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s